Тус цуврал нь антропологийн ухааны үндсэн салбар, гол чухал ойлголтын тухай хэвлэх зорилготой болно.
Ерөнхий эрхлэгч:
Г.Мөнх-Эрдэнэ МУИС/Оксфорд
Зөвлөлийн гишүүд
Д.Бум-Очир МУИС
И.Бямбабаатар МУИС
Ж.Лхагвадэмчиг МУИС
Ч.Мөнхтуул НСИСОУХ
Б.Цэцэнцолмон МУИС
П.Чулуунбат Монголын Антропологийн Холбоо
Ш.Туяа МУИС
Л.Мөнх-Эрдэнэ МУИС
Г.Баттогтох МУИС
Нийгэм, соёлын хүн судлал буюу антропологи нь онолын хөгжлийн хувьд нийгэм, хүмүүнлэгийн ухааны ертөнцөд нөлөө бүхий байр суурь эзэлдэг билээ. Тус салбар ухааны талаарх монголчуудын мэдлэг жил ирэх тусам нэмэгдэж, цөөнгүй судлаачид төрөн гарч ном бүтээлээ туурвиж байна. Тус үйл хэргийн эгнээнд зүй ёсоор багтах энэхүү бүтээл нь антропологийн онолын түүхийг өгүүлсэн сурах бичгийн чанартай анхны ном юм. Уг бүтээлд антропологийн ухааны эхэн үеийн хувьслын онолоос эхлээд Америкийн культурализм, Их Британийн функционализм, Францын структурализм, бэлгэдлийн антропологи, либериализм, даяаршил гэх мэт онолууд, түүхэн гол төлөөлөгчид, тэдний сэтгэлгээний чиг хандлага, намтар, хээрийн судалгаа, бүтээл туурвилуудыг танилцуулсан иж бүрэн мэдээллийг дүн шинжилгээтэйгээр өгүүлжээ.
Тус бүтээлд антропологийн сурах бичгүүдэд дурдаж буй, чухал гэж үзсэн арван зургаан ерөнхий сэдвийг сонгон багтаалаа. Арван зургаан бүлэг бүр дотор дэд сэдэв буй. Дэд сэдэв бүрд тохирох “монгол” жишээ олж багтаахыг хичээсэн төдийгүй хажууд нь дэлхийн хаа нэгтэй, аль нэг соёлыг судалсан антропологийн судалгааны жишээ ч мөн бий. Антропологич хүний хамгийн үнэтэй, бусад судлаачдаас ялгарах зүйл нь өөрөө оролцон ажиглаж байж олж авсан судалгааны баримт байдаг. Тэрхүү баримтыг энд жишээ болгон оруулсан болно. Алив асуудлыг хатуу тодорхойлж, нэгэн хүрээ цараанд оруулж байж судалдаг хандлагын үүднээс харвал антропологи “эсэргүү” ухаан болох болов уу. Учир нь уг ухаан салбар дундын шинжтэй тул олон судалгааны салбарын харах өнцөг, нүдний шилийг ашигладаг.
Иймээс судалж буй асуудлаа аль болох цогц, бүхэллэг байдлаар нь хардаг учраас хэсэглэж харах боломж үгүй юм. Гэтэл аливааг тодорхойлно гэдэг тэрхүү бүхэллэг, цогц шинжийг үгүйсгэж, нэг талыг барих дутагдалтай байдаг. Гэтэл өнөөх судалж буй асуудлын тодорхойлолтод багтаагүй хэсгийг яах вэ? Тэрхүү асуудал биш гэж үзэх үү? Эсвэл судлах цаг болоогүй гэх үү? Өөр зүйл гэж дахин тодорхойлох уу? Иймээс аливааг тодорхойлох нь давуу талтайгаа адилхан сул талтай юм. Ихэнх тодорхойлолт алив асуудлын ерөнхий, дийлэнх шинжид тулгуурласан байдаг. Гэтэл ерөнхийд багтаагүй энгийн “цөөнх” хэсгийн яах вэ? гэдэг нь чухал асуулт юм. Хүний нийгэм-соёлын алив асуудал нэг хоёр, эсвэл хэдэн тодорхойлолтод багтдаг, шийдэгддэг байсан бол өнөө бид бүхэн ийм олон “асуудал” дунд амьдрахгүй амар ч байх байсан юм бил үү.
Их Британийн Эдийн засаг, нийгмийн судалгааны зөвлөл (ESRC)
болон Япон улсын Шинжлэх ухаан дэмжих нийгэмлэгийн (JSPS)
хамтран санхүүжүүлж буй “Ковид-19-ийн дараах Дотоод Азийн
малчин нийгмийн харьцуулсан судалгаа” (Comparative Research on
Pastoral Societies in Post-Covid 19 Inner Asian Countries) төслийн
хүрээнд уг гарын авлага хэвлэгдэж байна. Тус судалгааны төслийн
хүрээнд Окфордын их сургууль, МУИС, Японы Кагошима, Мэйжи,
Кобэ, Сайтама, Ракуно Гакуен, Токиогийн гадаад судлалын сургууль,
Киргизстаны Төв Азийн их сургууль зэрэг дөрвөн улсын есөн
сургуулийн арав гаруй судлаач 2022-2025 оны хооронд Монгол,
Киргизстан улсад хамтарсан хээрийн судалгаа хийж, антропологийн
эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхээс гадна залуу судлаачийг
чадавхжуулах сургалт зохион байгуулах юм. Энэхүү ажлын эхлэл
болгон судалгааны баг 2022 оны VIII сарын 18-21-ний өдрүүдэд
МУИС-ийн Номын санд монголын залуу судлаач, оюутанд зориулан
“Нийгмийн ухааны чанарын судалгаа” нэртэй Зуны сургалт зохион
байгуулав. Тус сургалтад ашигласан эх хэрэглэгдэхүүн болон
сэдэвтэй холбоотой Оксфордын их сургуульд заадаг зарим агуулгыг
багтаасан уг гарын авлага нь нийгмийн ухааны судалгаа хийхийг
хүсдэг, судалгааныхаа чанарыг сайжруулахыг зорьж буй хэн бүхэнд
хэрэг болох биз ээ.
Та бидний гарын авлагыг унших, ашиглахдаа Youtube-ийн Post-
Pandemic Inner Asia Project нэртэй суваг руу орж (https://www.
youtube.com/channel/UCZkndnOl7D3tPg21wIbwecA/videos),
дурдан буй зуны сургалтын үеэр бичсэн видео бичлэгийг давхар
үзэж сонирхоорой. Гарын авлагын бүлэг бүрийн дагуу нэрлэсэн
бичлэгийг давхар үзэж сонсон, бичвэрээ харгуулан уншвал сэдэв
тус бүрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, тухайн үед ямар
агуулга, контекст өрнөж байсныг мэдэх давуу талтай болов уу.
Эдийн засаг гэдэг зөвхөн зах зээлийн эдийн засгийн тухай эсвэл
капиталист-либерал эдийн засгийн тухай биш юм. Мөн эдийн засаг
гэдэг зөвхөн эдийн засгийн үзэгдэл-асуудал, түүгээр л тайлбарлагддаг
эд биш юм. Гэтэл олон тохиолдолд эдийн засгийн тухай ярьж буй хүн
зөвхөн түүний капиталист хэв маягийн тухай эсвэл эдийн засгийнх нь
өнцгөөс ярьж байвал яах вэ? Үүний адилаар зөвхөн зах зээлийн эдийн
засгийн тухай ярьж буйгаа бүхэл эдийн засгийн тухай ярьж байгаа гэж
ойлгоод байвал яах вэ? Энэ л энгийн асуултаас уг номыг бичих сэдэл
санаачилга төрсөн билээ.
Заавал судалгаа, шинжилгээ хийлгүйгээр Монгол Улсад эдийн
засаг гэдгийг зөвхөн зах зээлийн эдийн засгаар л ойлгодог гэж мэтгэх
бүрэн үндэс бий. Мөн хүний нийгмийн нэгэн чухал хэсэг болох
эдийн засаг нь бодит байдлаас хэт холдож тоо, томьёо, тэгшитгэл
зэрэг хэт мэргэжлийн болж, ойлгох тайлбарлах ёстой амьдралаасаа
алсарч байгаа гэсэн шүүмж ч хэлж болохоор болжээ. Хэдий эдийн
засаг мэргэжлийн ухаан, мэргэжлийн хүмүүс ойлгож ухамсарлана
гэж мэтгэх боломжтой ч бидний өгүүлэн буй энэ санаа нь зөв бурууг
тогтоох бус багтаамжтай, ойлгоход чиглэсэн, бусдад урам зориг
өгөх гэсэн, бодит нөхцөл байдлаас баримт гаргаж ирдэг судалгаанд
чиглэж буйг ойлгоно биз ээ.
Өргөн утгаараа ураг төрлийн антропологийн гол хоёр судлагдахуун нь гэр бүл болон жендерийн тухай асуудал юм. Харин үүнийг нарийвчлан задалвал гэр бүл болоод өрх гэж юу вэ, гэрлэлт түүний олон янз хэлбэр эдийн засгийн байдалтай хэрхэн холбогдох, удам залгах, өв залгамжлах тухай, хүмүүсийн харилцаа холбооны үндэс эх сурвалж юу болох, орчин үеийн нөхөн үржихүйн шинэ технологи, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөтэй холбогдож байгааг харж болно. Улмаар ураг төрөл нь нийгэм дэх гэр бүлийн дотоод/хувийн хэрэг
болоод түүнтэй эсрэгцэх гэр бүлийн гадаад/олон нийтийн хэрэг нь эрэгтэй эмэгтэй хүний үүрэг рольтой яаж холбогддог тухай, өрхийн үйлдвэрлэл-бүтээгдэхүүн болон капиталист аж үйлдвэрлэл-бүтээгдэхүүн, үүнд мөнгөний гүйцэтгэх үүрэг, мөнгөтэй холбоотой хүний ёс суртахууны тухай асуудлыг шинжлэн судалдаг байна.