Цувралын редакцын зөвлөл:
Ерөнхий эрхлэгч:
И.Бямбабаатар МУИС
Зөвлөлийн гишүүд
Д.Бум-Очир МУИС
Г.Мөнх-Эрдэнэ МУИС/Оксфорд
Ж.Лхагвадэмчиг МУИС
Ч.Мөнхтуул НСИСОУХ
Б.Цэцэнцолмон МУИС
П.Чулуунбат Монголын Антропологийн Холбоо
Ш.Туяа МУИС
Л.Мөнх-Эрдэнэ МУИС
Г.Баттогтох МУИС
Энэхүү бүтээл 1995 оноос хойш цуглуулсан судалгааны арвин эх сурвалж, хэл бичгийн ухааны докторын (PhD) болон хүн судлалын ухааны MPhil (Master of Philosophy) зэрэг горилсон эрдэм шинжилгээний хоёр тулгуур ажлын үр дүн болсон ном юм.
Тус судалгааны ажилд монгол бөөгийн амьд зан үйл, ёслол хүндэтгэлийн баримт сэлтийг үндэс болгон бөөллөгийн үед тохиолдох нэгэн цул мэт үргэлжлэх дуудлагыг төрөл зүйлчлэн ангилж ялгаа салгааг нь гаргаж учир зүйд нь нийцүүлэн тайлбарласан байна. Харин түүний дараах хэсэгт зан үйл хэмээгч нь чухам юу болох тухай Евро-Америкийн эрдэмтдийн сөргөлцсөн онол саналыг монгол бөөгийн зан үйлийн жишээгээр шинжлэн үзэж өөрийн саналыг дэвшүүлжээ.
Зохиогчийн дэвшүүлж байгаагаар бол аливаа өдөр тутмын үйл дадгаалжиж зан үйл болохдоо дөрвөн зэрэглэлийг дамжих бөгөөд зэрэглэл нь дээшлэх тусмаа зан үйл доторх хэл хэлмэрээс өгүүлэгчийн ухамсар санамсар нь хасагдаж, утга мэдээлэл дамжуулах хүч нь сулардаг байна. Иймээс уншигчид уг бүтээлээс өнөөгийн манай нийгэмд хүчтэй сэргэж байгаа бөө болоод бөөгийн арга засал, бөөллөгийн үеийн хэл хэлмэр нь чухам юу өгүүлдгийг, тэр нь зан үйл хэмээх ухагдахуунтай хэрхэн холбогдохыг мэдэж авах болно.
Монголд ажиллаж буй ихэнх хөгжлийн байгууллага орон нутгийг хөгжүүлэх, байгаль хамгаалах, байгалийн нөөц ашиглалтын чиглэлээр хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ялангуяа байгалийн баялаг, бэлчээр, ус, ашигт малтмал, байгалийн дагалдах нөөц баялгийг зах зээлийн нийгэмд хэрхэн зохицуулахыг зааж, шинэ бодлого, концепци хэрэгжүүлж иржээ. Заримаас нь дурдвал: малчдыг зохион байгуулж, малчдын бүлэг байгуулах, малчдыг
байгаль хамгаалагч болгох зэрэг бодлого, үйл ажиллагаа багтана.
Эдгээр бодлого, концепци нь малчдад чиглэж байгаа ч хотын иргэд татагдан орж, улмаар нийгэмд бүхэлд нь нөлөөлж байдаг тул зайлшгүй судлах шаардлагатай юм. Мөн төслийн үйл ажиллагааг орон нутаг, ард иргэд хэрхэн хүлээн авч байгааг судлах нь хөгжлийн оролцоо буюу хөндлөнгийн оролцоог бодитой дүгнэх боломж олгодог. Тиймээс хөгжлийн байгууллагуудын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, дагалдан гарах үр нөлөөллийг урьдчилан таамаглаж, хайрцаглахын оронд орон нутаг, малчдын жишээн дээр этнографийн судалгаагаар судлах нь хамгийн үр дүнтэй арга гэж тодорхойлж, судлахыг зорьсон юм.